Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Түүх

Допинг гэдэг нь Дач хэлний доп буюу нэгэн төрлийн согтууруулах ундааг нэрлэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэхүү ундааг усан үзэмнээс нэрж гаргадаг ба эртний Зүлу овгийн дайчид тулааны өмнө хүч оруулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Уг нэр томъёо нь уламжлагдан явсаар 20 дугаар зуунтай золгож хууль бус эм, спортод тамирчид хэрэглэхийг хориглодог эмийн бодисын нэр болсон байна.

Эртний Грекийн тамирчид хүч чадлаа сэргээх, эрчимжүүлэх, ядралтаа багасгахын тулд тусгай хоол хэрэглэх ёстой гэдгийг мэддэг байжээ. Стрихинин, кафейн, кокайн болон спиртийг тэртээ 19 дүгээр зуунд дугуйчид, марафон гүйгчид зэрэг холын зайн уралдааны тамирчид хэрэглэдэг байсан нь нотлогджээ. 1904 оны Сент Льюсийн зуны олимпийн наадамд марафон гүйгч Томас Хикс гэгч уралдааныхаа үеэр түүхий өндөг, архи ууж, стрихинин хэмээх бодисыг тариулсныхаа ачаар олимпийн аварга болсон нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн анхны тохиолдлуудын нэг болсон байна. 1920 он гэхэд спортын уралдаан тэмцээнд эмийн бодисын тусламжаар оролцох явдал бараг л хэвийн үзэгдэл болжээ.

1928 онд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо сэргээх буюу хүч оруулагч эмийн бодис хэрэглэсэн тамирчинг шийтгэсэн анхны холбоо болон дэлхийн допингийн эсрэг түүхнээ бичигджээ. Үүүнээс хойш олон спортын олон улсын холбоод энэ жишгийн дагасан боловч тухайн үед тусгайлсан шинжилгээ авдагггүй байсан тул допинг толгойны өвчин болсон хэвээр байсан юм. 1930 аад оны үед гормоныг нийлэгжүүлэн зохиомлоор гарган авч хэрэглэж байсан бөгөөд 1950 иад оноос спорт дахь допингийн хэрэглээ улам ихэсчээ. Харин 1960 оны Ромын олимпийн наадамд оролцсон Данийн дугуйчин Кнуд Энемаркын уралдааны замд амь эрсэдсэн шалтгаан нь амфетамин хэмээх бодис байсан нь тогтоогдсон байна. Энэ үйл явдал олон улсын спортын холбоодыг тэмцээний үеэр допингийн шинжилгээ авдаг болгох нэг ёсны шахалт болсон юм. 1966 онд олон улсын дугуйн спортын холбоо, олон улсын хөлбөмбөгийн холбоо дэлхийн түүхэнд анх удаа өөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсоор допингийн шинжилгээ авч эхэлсэн бол 2 жилийн дараа буюу 1968 онд Олон Улсын Олимпийн Хороо Мехикогийн зуны болон Греноблийн өвлийн олимпийн наадамд анх удаа шинжилгээ авчээ. Эдгээр байгууллагууд албан ёсоор шинжилгээ авч эхлэхээс өмнө допингоос шалтгаалан дахин нэг эмэгнэлт явдал тохиолдсон нь дэлхийд алдартай Тур де Франс дугуйн уралдааны үеэр Том Симпсон хэмээх тамирчин хорвоог орхисон явдал байлаа.

1970 аад он гэхэд ихэнхи спортын олон улсын холбоод өөрийн тэмцээнүүддээ допингийн шинжилгээ авдаг болоод байлаа. Гэвч анаболик стероид хэмээх эр бэлгийн гормоны төрлийн бэлдмэлүүдийн хэрэглээ ихсэж байсан боловч түүнийг шинжлэх, илрүүлэх арга тухайн үед хомс байсан юм. Харин 1974 онд энэ бүлгийн эмийн бодисыг шинжлэх найдвартай арга хэрэглээнд нэвтэрснээр Олон Улсын Олимпийн Хороо 1976 онд хориотой бодисын жагсаалтанд албан ёсоор бүртгэн авсан билээ. 1970 аад оны сүүлч гэхэд допингоос хамаарч  тэмцээнээс хасагдсан тохиолдлын тоо үлэмж ихэссэн бөгөөд ялангуяа шидэлтийн төрөл болон хүндийн өргөлтийн спортод их гарч байлаа.

1970-1980 онд дэлхийн спортын ертөнцөд амжилт гаргах, улс орныхоо нэрийг өргөхийн тулд зарим орнуудын төр засаг бодлогоор допингийн хэрэглээг дэмжиж байсан юм.

Үүний хамгийн тод жишээ нь 1970-1989 онд дэлхийн спортын олон төрөлд тэргүүлэгчийн байр суурьтай байсан хуучин зүүн Герман буюу Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс.

Хуучин ардчилсан Герман улс хүч оруулах бэлдмэлийг 14.25 гэсэн дугаартай улсын төлөвлөгөөний дагуу зориуд хэрэглүүлж байсан бөгөөд гол зорилго нь тамирчдын амжилтыг дээшлүүлэх, олимпийн наадам, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцуулах явдал байсан юм. Гэвч тамирчид өөрсдөө ямар эм хэрэглэж байгаагаа огт мэддэгүй, тэдэнд юу ч тайлбарладагггүй байжээ.

Зүүн Германы тамирчдаас анх Илона Слупианек хэмээх бөөрөнцөг түлхэгч эмэгтэй 1977 онд болсон Европын цомын тэмцээний үеэр допинг хэрэглэсэн нь илэрч Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 12 сарын хугацаагаар тэмцээнд орох эрхийг нь хасаж шийтгэжээ. Энэ тамирчны хэргээс хойш Зүүн Герман улс тамирчиддаа допинг хэрэглүүлэх ажлыг маш нууц байдалд хийх болсон байна. Тамирчдад өсвөр наснаас нь эхлэн допингийн төрлийн эмүүдийг тогтмол өгч байснаар олон тамирчин эрүүл мэндээрээ хохирч насан туршийн өвчтэй болжээ. Олон жилийн турш тамирчдын эрүүл мэндийн эсрэг хийж байсан энэхүү гэмт хэрэг 1990 онд социалист систем задарч 2 герман нэгдснээр дэлхий нийтэд ил болжээ.

1980 аад онд гарсан допингийн хэргүүдээс хамгийн дуулиантай нь Канадын хөнгөн атлетикч, спринтер Бен Жонсоны хэрэг юм. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

1970 аад оны сүүлээс допингийн төрлийн бодисуудыг шээснээс гадна цусны шинжилгээгээр илрүүлэх болжээ. Учир нь цагдаагийн арга нарийсах тусам хулгайчийн арга нарийсна гэдэгчлэн цусыг хүчилтөрөгчөөр баяжуулах, цусны гемоглобины хүчилтөгрөгчийг эд эрхтэнд зөөвөрлөх чадварыг ихэсгэх арга гарсантай холбоотой юм. Цусыг хүчилтөгрөгчөөр баяжуулан эргүүлж юүлэхэд эд эрхтний ажиллах чадвар сэргэдэг. Олон Улсын Олимпийн хороо цусны допингийг анх удаа 1986 онд албан ёсоор бүртгэж авчээ.

1998 онд Тур де Франс дугуйн уралдааны үеэр допинг хэрэглэсэн тамирчдын тоо үлэмж хэмжээтэй гарсан бөгөөд энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд орж нилээдгүй хэмжээний маргаан дагуулсан юм. Франц улс энэ үйл явдлаас шалтгаалан допингийн эсрэг хууль баталсан анхны улс боллоо. Дэлхийн бусад орнууд ч допингийн эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлж, Олон Улсын Олимпийн Хороо, олон улсын спортын холбоодтой хамтран ажилаж эхэлсэн юм.

Тур де Франс-ийн үеэр гарсан допингийн маргаан нь допингийн эсрэг үйл ажиллагааг цогцоор нь гүйцэтгэх үүрэг бүхий олон улсын бие даасан хараат бус байгууллага байгуулж, үйл ажиллагааг нь стандартчлах шаардлагатай байгааг харууллаа. Олон Улсын Олимпийн Хороо 1999 оны 2 дугаар сард Спорт дахь допингийн эсрэг дэлхийн анхдугаар их хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд энэ хурлаас Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг хэмээх байгууллага байгуулах шийдвэр гарснаар мөн оныхоо 11 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагджээ.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг байгуулагдсан цагаасаа хойш спорт дахь допингийн эсрэг тэмцлийн үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж байна. Спорт дахь допингийн эсрэг дэлхийн анхдугаар хурлаас батлагдсан  Дэлхийн допингийн эсрэг дүрэм нь дэлхийн спортын ертөнцөд допингийн эсрэг үйл ажиллагаанд дагаж мөрдөх үндсэн бичиг баримт болон хэрэгжиж байна.

Дэлхийн допингийн эсрэг дүрэм 2009 онд Мадрид хотноо хуралдсан дэлхийн допингийн эсрэг II их хурлаар шинэчлэгдэн батлагдсан бол өнгөрсөн 2013 оны  XI сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотноо хуралдсан IV их хурлаар нэмэлт оруулан баталсан бөгөөд 2015 оноос хүчин төгөлдөр үйлчилж байна.

Спорт дахь допингийн эсрэг тэмцэлд дэлхийн улс орнуудын засгийн газрууд онцгой анхаарал тавих болсон бөгөөд 2003 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан дэлхийн улсуудын засгийн газрын төлөөлөгчдийн хурлаас Спорт дахь допингийн Эсрэг Копенхагены тунхаглал батлагдсан бол Нэгдсэн Үндэстний байгууллага ч энэ асуудалд санаа тавьж ЮНЕСКО 2005 онд Спорт дахь Допингийн Эсрэг конвенцийг баталсан юм.

Монгол улс дахь допингийн эсрэг үйл ажиллагааны түүхээс

Монгол улс Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг тэмцэлд нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс анх удаа допингийн шинжилгээ авчээ. Анх удаа шинжилгээ авснаас хойш 2003 он хүртэл энэ ажлыг Монголын Үндэсний Олимпийн Хороо бие даан хариуцаж байсан бөгөөд баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон байна.

1999 оноос өмнө допингийн шинжилгээний талаар зөвхөн гадаад улсад спортын уралдаан тэмцээнд оролцдог байсан цөөн хэдэн тамирчин гадарладаг байсан бол үндэсний хэмжээний спортын томоохон арга хэмжээний үеэр допингийн шинжилгээг анх удаа авсан нь Монголын спортын ертөннцөд цоо шинэ үйл явдал байлаа. Анх удаа хийсэн энэ ажлыг амжилттай болгоход мэргэжлийн багийнхан, тамирчдын хэн хэнд нь саад бэрхшээл олонтаа тулгарсан нь мэдээж.

Тэр ч бүү хэл допинг хэрэглэсэн тамирчныг зарлахад хүлээн авах олон нийтийн сэтгэл зүй тухайн үед бэлэн биш байсан билээ. Гэвч тэр цагаас хойш жил болгон үндэсний их баяр наадмаар допингийн шинжилгээ авч байгаа төдийгүй Монгол улсад зохиогдож байгаа дэлхий тивийн чанартай олон тэмцээн уралдаанд энэ шинжилгээ хийгдэж байна.

Монгол улс допинг хэрэглэдэг улсын хар дансанд тэртээ 1972 онд бүртгэгдсэнээс хойш эдүгээг хүртэл нийт 30 шахам Монгол тамирчин олимп, тив дэлхийн чанартай тэмцээнүүд, үндэсний их баяр наадмын үеэр авсан допингийн шалгалтанд унаад байна.

Манай улсын засгийн газар Копенхагены тунхаглалд 2005 онд нэгдсэн бол 2007 онд ЮНЕСКО конвенцийг Их хурлаар соёрхон баталсан юм. Ийнхүү Монгол улсын засгийн газар спорт дахь допингийн эсрэг засгийн газар хоорондын 2 чухал бичиг баримтыг баталж, нэгдэн орсноор допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн билээ.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn